Wednesday, March 19, 2014

Хүүхдийн нас зүй

сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал

Хүүхдийн нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны

тухай ухагдахуун түүний ач холбогдол, үүрэг зорилт

Хүүхдийн насны үе шат бүр нь өөрийн онцлогтой, тодорхой бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээр онцлог чанарууд болон бэрхшээл бүр нь өөртөө зориулсан тусгайлсан нарийн хандлагыг шаарддаг юм. Бага сургуулийн насны хүүхдэд тавигдаж байсан сэтгэл зүйн зарим шаардлага нь шилжилтийн насны хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт тохирохгүй. Түүгээр ч барахгүй багш, хүмүүжүүлэгч хүн нь зөвхөн тодорхой нэг насны хүүхдийн  сэтгэл зүйг ерөнхий онцлог зүйг мэдэх төдий биш, харин тухайлсан тодорхой хүүхэд нэг бүрийн хувийн онцлог чанаруудын сэтгэл зүйн үндсийг нарийн мэдэж байх шаардлагатай.


Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь өсвөрийн үеийг тал бүрийн өв тэгш хөгжилтэй иргэд болгон сургаж хүмүүжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй жолоодон хөтлөх арга барилыг онол, практикийн талаар боловсруулан судална. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь ерөнхий сэтгэл судлалын ухааны салбар хэсгүүд бөгөөд тус тусдаа өөр өөр судалгааны объект болон судлагдхуунтай юм.

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх ажлын тодорхой хэлбэрүүдийг судалдаг бөгөөд ерөнхий сурган хүмүүжүүлэх ухаантай нягт холбоотой хөгжинө. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүүхдэд мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх зүй тогтлыг судалж энэхүү процесст илрэх хүүхдийн хувийн онцлог ялгаа, хүүхдийн бие даасан идэвхитэй бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлэхийн сэтгэл зүйн онцлог болон сургалт хүмүүжлийн ажлын нөлөөгөөр сурагчдын сэтгэцийн хөгжилд гарсан чанарын болон тооны өөрчлөлтийг судална.

Тэрчлэн сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сургалтын олон янзын аргын үр нөлөө, тэдгээрийн хялбар дөхөм тал, сурах бичиг, хичээлийн төхөөрөмж, хэрэгслүүдэд тавигдах шаардлагын сэтгэл зүйн үндэс, сурагчдын ажиллах дэг журам, оюун ухааны ажиллах чадварын сэтгэл зүй-физиологийн үндсүүдийг судална. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны нэг үндсэн зорилт бол сургалтын процессыг улам боловсронгуй болгож сайжруулах асуудлыг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нарийн боловсруулах асуудал юм.  Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сурагчдад бие хүний шинж төрх төлөвшин бүрэлдэх явц, хүүхдэд нөлөөлөх хүмүүжлийн системтэй үйлдэл, түүний нөлөө, үр дагавар, сурагчдаас өөрийнхөө биеээ хүмүүжүүлэхийн сэтгэл зүйн үндсийг судална. Эцэст нь сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь багшаас хичээл-хүмүүжлийн ажлыг удирдан жолоодох процесс, багшийн хувийн чанар, төрх байдал, багшлах эв дүй, уран чадвар төлөвшихийн сэтгэл зүйн үндсийг судална.

Хүүхдийн нас зүй, сурган

хүмүүжүүлэхсэтгэл судлалын ухааны судалгааны арга

хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны нэгэн үндсэн арга бол ажиглах арга юм. Хүүхдийн зан төлөв биеэ авч яваа байдал, ёс суртахууны шинжүүд болон сэтгэц, оюун ухааны чанарууд, тэдгээрийн амьдрал үйл ажиллагааны явц яаж илэрч, хөгжин төлөвшиж байгаа төлөвлөгөө, дэс дараа системтэй ажиж судлах процессийг ажиглах арга гэнэ. Ажиглах аргаар хүүхдийг судлахдаа дор дурдсан зарчимуудыг баримтална.

  1. Хүүхдийг сургалт, хүмүүжлийн ажлын жирийн нөхцөлт ажиглан судлах. Энэ судалгаа нь хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг үнэн зөв илрүүлж тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийн ажлыг системтэй, нарийн төлөвлөх нөхцлийг буй болгодог байна. Хүүхдийг судлахдаа түүнийг сайн сургаж, хүмүүжүүлэхийн тулд бас түүний зан араншин төрх байдалд илэрч байгаа дутагдал, сул талыг нь дорно олж илрүүлж засах зорилоготой байх ёстой. Иймд хүүхдийг судлахдаа амьдрал хөдөлмөр, сургалт хүмүүжлийн ажлын явцад нарийн судлах хэрэгтэй.
  2. Хүүхдийг судлаж ажиглахдаа түүнд байдаг бие хүний бүхэл бүтэн шинж чанараар нь нарийн судлах зарчмыг баримтлах баримтлах, хүнд байдаг сэтгэл зүйн нарийн бүрдлийг харгалзахгүйгээр түүнийг зөвхөн ганц нэг шинжээр нь ажиглах нь буруу төсөөлөлийг өгөхөд хүргэнэ.
  3. Хүүхдийн бие хүний шинж төрхийг үнэн зөв таниж мэдэх ажиллагаа нь объектив бодит материал дээр  тулгууралсан байх. Өөрөөр хэлбэл хүүхдийг ажиглан судлах арга субъектив хандлагатай байж болохгүй. Иймд учир ажиглалт нь өдөр бүр системтэй бөгөөд илэрч буй чанарууд баримт материаллаар гарцаагүй батлагдсан байх шаардлагатай.
  4. Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг ажиглан илрүүлэхдээ түүний хүрээлэн байгаа орчин нөхцөлтэй нягт холбож ойлгох нь чухал. Үүний дүнд хүүхдийн хувийн чанарын тодорхой илэрлүүдийг бий болгосон нөхцөл, шалтгааныг тогтоодог. Жич : хүүхдийн зан байдалд байгаа зарим нэг сул тал нь түүний өсөж бойжиж буй гэр бүл, орчноос шалтгаалсан эсэхийг давхар шалгах шаардлагатай.
  5. Хүүхдийг ямар нэг тодорхой хугацаанд үрэгжлүүлэн судалж, түүний хувийн онцлог чанарыг хөгжил хөдөлгөөнд нь  ажиглан судлах хэрэгтэй. Хүний хувийн чанар нь түүний амьдрал, үйл ажиллагааны хувьсгалт, өөрчлөлттэй уяалдан хөгжиж өөрчлөгдөж байдаг юм. Ингэж хүүхдийн хувийн онцлог чанарыг түүний амьдрал, үйл ажиллагааны  өөрчлөлтөд ажиглан судлах нь хүүхдийн зан төлөв, төрх байдалд юу шинээр төлөвшин бүрэлдэж байгаа, хуучнаас юу нь арилж алга болсон зэргийг тодорхойлон тогтоох ач холбогдолтой.
  6. Хүүхдийг ажиглан судлахдаа түүний амьдран буй хамт олны дунд нь судлах нь чухал. Хамт олны онцлогийг судалж байж тухайлсан нэг хүүхдийн онцлогийг илрүүлж мэднэ. Хүн бол ямагт хамт олны нэг хэсэг байдаг учраас нэг хүний хувийн  онцлог нь нийт хамт олны онцлог чанаруудаар тодорхойлогдоно. Гэвч бие хүнийг хамт олны нөлөөний идэвхигүй бүтээгдэхүүн гэж үзэж болохгүй. Харин бие хүн хамт олонд эргээд идэвхитэйгээр нөлөөлдөг хүч чадалтай байдаг.
  7. Ажиглалтыг тодорхой үр дүнтэй болгохын тулд хүүхдийн хувийн чанарыг түүний илрэлүүдийн олон янзын хэлбэрт нарийн төлөвлөгөө, дэс дараатай судлах нь чухал. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны өөр чухал аргуудын нэг бол харилцан яриа, бичгээр асуулга явуулах, зохион бичлэг хийх, арга юм.   
Хүүхдийн насны ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаанд ялангуяа хүүхдийн авъяас билгийг судлахад тестийн аргыг өргөн хэрэглэж байгаа.  Тест гэдэг нь Англиар туршилт, сорил гэсэн утгатай. Тестийн арга бол техникийн нарийн ажиллагаа шаардахгүйгээр хүний сэтгэцийн ямар нэг үзэгдлийг богино хугацаанд шалган сорих процесс юм.

Хүүхдийн насны үелэл

Хүний насны үелэл бүр нь сэтгэгцийн хөгжлийн тодорхой үе шат, онцлогоор тодорхойлогдоно. Нас насанд хүний сэтгэгцийн хөгжил харилцан адилгүй явагдах бөгөөд сэтгэцийн хөгжлийн түвшингээр хүний насны үелэл тодорхойлогдоно. Нэг насны хязгаараас нөгөө насны тодорхой заагт шилжихэд түүний насны өмнөх үед байгаагүй шинэ шинэ чанарууд бүрэлдэн тогтон хүний хөгжлийн явц хувьсан өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой.

Хүний насны онцлог нь гадаад, дотоод олон янзын нөхцөлүүдийн нийлбэр цогцолбор дээр үндэслэнэ. Хүний насны өвөрмөц онцлогийг тодорхойлох дотоод нөхцөлүүдийн цогцолборт хүүхдийн бие махбодийн хөгжлийн онцлогууд, мэдрэлийн системийн хөгжлийн онцлог зүй, гадаад нөхцөлд хүүхдийн гадаад орчин, сургалт хүмүүжлийн ажлын агуулга, арга хэлбэрүүд багтана. Хүүхдийн бие махбодь, сэтгэгцийн хөгжлийн онцлог зүй тогтол дээр үндэслэн хүүхдийн насны үелэлийг дор дурьдсан байдлаар хувиаралдаг байна. Үүнд :

1.    Нярай насны хүүхэд “ 0-1нас хүртэлх хүүхэд хамрагдана”

2.    Балчир насны хүүхэд “ 1-3 нас хүртэлх хүүхэд хамрагдана”

3.    Цэцэрлэгийн насны хүүхэд “ 3-7 нас хүртэлх хүүхэд хамрагдана”

4.    Бага сургуулийн насны хүүхэд “ 7,8-10 нас хүртэлх хүүхэд хамрагдана”

5.    Шилжилтийн насны буюу өсвөр насны хүүхэд “12-16 нас хүртэлх хүүхэд хамрагдана”

6.    Сургуулийн ахлах насны  буюу залуу насны хүүхэд “17-18,19 насны хүүхэд”

Хүүхдийн насны үе шат бүр нь тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга хэлбэрийг зөв сонгон авч тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэй удирдан жолоодох үндсэн нөхцөл нь болно

Бага сургуулийн насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Сурах нөхцөл байдлын онцлог

Сурагчдын суралцах нөхцөл байдал дор дурдсан зарим онцлогуудаар тодорхойлогдоно.

  1. Сурагчид сургалтын явцад ухагдахууны шинж чанарыг ялган салгаж, тодорхой практик ажлыг шийдвэрлэх ерөнхий чадварыг эзэмшинэ.
  2. Эзэмшсэн эдгээр чадварыг сэргээн санах үйл нь сурах ажлын үндсэн зорилго болж тавигдана. Сурагчдын гүйцэтгэх тодорхой практик ажлууд нь  шууд амьдралын агуулгатай байдаг бөгөөд эдгээрийн шийдвэрлэх явдал  сурагчдыг амьдралын ач холбогдол бүхий үйл ажлын үр дүнд хүргэдэг.   Жишээ нь : сурагчид цээж бичиг хиих   сурагчдаас зөв бичихийн дүрмийг шаардах.   зэрэг практик ажил нь тэднийг оюун ухаан, хөдөлгөөний тодорхой чадвар дадлыг эзэмшихэд нь туслаж байгаа юм. Иймэрхүү практик зорилтуудыг биелүүлэх нөхцөлд сурагчид ажлыг биелүүлэх тодорхой нөхцөл байдалд орж тэдний эзэмших чадварын тоо баяжин нэмэгдэнэ.
Танин мэдэх процессын хөгжилт

Бага сургуулийн насны хүүхдийн хичээл сургалтын бүхий л үйл ажиллагаа нь тодорхой нарийн зорилго чиглэлтэйгээр зохион явагдана. Энэ нь :

  1. Сурагчид уншиж, бичиж, тоолох ажлын дадалтай болж математие, түүх, геометрийн энгийн ухагдахуунуудыг эзэмшинэ.
  2. Сургалтын явцад сурагчдын мэдлэгийн түвшин өргөжиж танин мэдэх сонирхол нь хөгждөг.
  3. Сурагчдын танин мэдэх процесс оюун ухаан нь хөгжиж бие даасан идэвхитэй гбүтээлч үйл ажиллагааны чадвар тэдэнд төлөвшинө.
Эцэст нь сурагчдад сурах ажлын чиглэл, хичээл сурлагад хариуцлагатай хандах хандлага, сурах өндөр идэвхи, тэмүүлэл хүмүүжигдэнэ.

Бага сургуульд зохиогддог хичээл сурлагын ажил нь хүүхдийн сэтгэгцийн танин мэдэх процессийг идэвхитэй хөгжүүлдэг юм.  Юуны түрүүнд тэдний сэрэл, хүртэхүйн процесс идэвхитэй хөгждөг.

Бие хүний шинж төрх төлөвших нь

Бага сургуулийн нас нь бие хүний хөгжил үндсэн өөрчлөлт хийх нас биш боловч энэ насанд хүүхдийн хувийн чанар төрөх байдалд мэдэгдэхүйц хувьсалт гардаг юи. Хүүхдийн насанд хүрсэн том хүмүүс, хаамт олонтой харилцах харилцаанд шинэ шинэ чанарууд төлөвшинө. Хүүхдийн үйл ажиллагааны шинэ хэлбэр болсон хичээл сурлагын үйл нь хүүхдэд шинэ шаардлага тавьж, өөрийн бүхий л амьдрал үйл ажиллагааг нарийн зохион байгүүлалт дэг журамд хатуу захируулахыг аяндаа шаардана. Энэ бүхний үндсэн дээр хүүхэд хамт олон, найз нөхөд, орчны юмстай харилцах харилцааны шинэ систем бүрэлдэн төлөвшиж эхэлнэ. Мөн зан төлөв, зоргийн чанарууд төлөвшин, сонирхолын хүрээ өргөжиж, авьяс билгийн хөгжил нь тодорно.

Өсвөр шилжилтийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог

Танин мэдэхүйн процессын хөгжилт

Хүртэхүйн хөгжилт : өсвөр наснжы хүүхэд бодит байдлаас хүртэж байгаа юм үзэгдлийг үлэмж нарийн задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвартай байна. Амьдралын туршлагаас үзэхэд өсвөр насны хүүхдийн хүртэхүй нь нэг талаас юиыг үлэмж нарийн тусгаж хүртэх нөгөө талаас үзэгдэл юмсыг өнгөцхөн мөчид тусгах онцлогтой байдаг нь ажиглагдсан байна. Өсвөр насны үед хүүхдийн хүртэхүй нь ямагт юм үзэгдлийг өрөөсгөл нэг талаас нь тусган авдаг онцлогтой учраас тэдний хүртэхүйд эндэгдэл гарч гаж буруу тусгал явагдаж болно. Тэрчлэн өсвөр насны хүүхдийн хүртэхүйн нөгөө нэг онцлог нь юмыг хамгийн ерөнхий байдлаар тусгадагт оршино. Ийм учираас өсвөр насны хүүхдийн хүртэхүйн онцлог бол юмыг бодит байдал, биет зүйл дээр тулгуурлан тусгах өвөрмөц шинжтэй байдаг явдал юм. Өсвөр насны хүүхдийн ажиглалтын үр дүн нь хүүхэд өөрөө ажиглалтанд хэрхэн яаж хандахаас шалтгаална.


Сэтгэхүйн хөгжилт : өсвөр насны хүүхдийн сэтгэх үйлийн үндсэн онцлог нь жилээс жилд бодит сэтгэхүйгээс салж хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжиж, сэтгэхүйн өндөр түвшинд хүрнэ. Өсвөр насанд шилжихийн хамтаар хүүхдийн сэтгэхүйд чанарын өөрчлөлт гарч тодруулах, хийсвэрлэн бодох, ерөнхийлөн дүгнэх, үйлийг хийх оюун ухааны ажлын чадвар, дадлагыг эзэмшинэ. Гэвч өсвөр насны хүүхдийн сэтгэхүйгээс аажмаар хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжих замаар явагдана.  Өсвөр нас нь дотроо насны үелэлтийн ялгаа, заагтай юм. 11-12 насны буюу 15 насны хүүхдийн сэтгэх үйл нь тус тусдаа харилцан ялгаатай байна.

Өсвөр насны хүүхдийн сэтгэн бодох үйлийн нөгөө нэг онцлог нь сэтгэхүйн хөгжилд нь тодорхой дүрслэлт, сэтгэхүйн хэлбэр ихээхэн үүрэгтэй болсон байдаг юм.

Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжилтөнд бие даасан шүүмжлэлт чанарууд эрчимтэй илрэнэ.

Өсвөр насны хүүхдийн

хийх хөдөлмөрийн сэтгэл зүйн үндэс

  • Өсвөр нас бол ажиллах хөдөлмөрлөх, хөдөлмөрт дурлах, идэвхижих нас юм.
  • Ийм учраас өсвөр насны хүүхэдтэй явуулах хичээл, хүмүүжлийн ажил болон хөдөлмөрт тэдний энэхүү онцлог байдлыг харгалзах ёстой.
  • Сургууль, гэр бүлийн аль алинд явагдах хичээл хөдөлмөрийн аливаа хэлбэр нь хүүхдийг оюун санаа, бие бялдрын хувьд үйлдвэрийн хөдөлмөрт бэлтгэхэд чиглэгдэх ёстой.
  • Гэр бүл, сургууль дээр зөв зохион байгуулагдсан хөдөлмөр бол зөвхөн хөдөлмөрт хандах хүний сайн талын харьцааг төлөвшүүлээд зогсдоггүй, харин бие хүний бүх шинжүүдийг төлөвшүүлнэ.
  • Тэрчлэн хөдөлмөрийн процесст бэрхшээлийг давах чадвар хүч энерги, идэвхи санаачлага, тэсвэр хатуужил, зориг эрмэлзэл, мөн хамт олонч чанар хувийн сонирхлыг хамт олны сонирхолд  захируулах чадвар зэрэг зоригийн шинжүүд төлөвшин тогтоно.
  • Өсвөр насны хүүхдийн хийх хөдөлмөр бол санаачлагыг ундруулсан бүтээлч хөдөлмөр байх ёстой.
       Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог
Ахлах ангийн сурагчдад бие хүний шинэ төрх төлөвших

Энэ насанд хүүхдийн ирээдүйд, хүний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөж түүний нийгмийн хариуцлага дээшлэхийн зэрэгцээгээр  сургуулийн хамт олны өмнө хүлээх хариуцлага өсөж, хүүхдийн өөртөө тавих шаардлага улам нэмэгдэнэ.

Ахлах насанд сурагчид тэдний хийх нийгмийн үйл ажил нь сургуулийн гортигоос хальсан байна.

Тэдний нийгмийн харьцаанд гарсан эдгээр шинэ өөрчлөлтүүд нь  охид, залуучуудын хувийн чанарын бүрдэлд шийдвэрлэх хэлбэрээр нөлөөлнө.  Эдгээр нөлөөгөөр тэдний хувийн чанарын бүрдэлд гүнзгий өөрчлөлт явагдаж тэр хүний хувийн чанарын хэтийн зураг төлөв бүрэлдэн тогтох процесс явагдана. Энэ насанд ертөнцийг үзэх коммунист үзэл, итгэл бүрэлдэн тогтоно.

Ахлах насанд хүүхэд өөртөө хэрэгцээтэй зан төлөв ёс суртахууны хэм хэмжээ, дэглэмийг тогтоож, тэдгээрийг өөртөө байгаа шинжүүдтэй хослуулан зохицуулж чаддаг байна.

Тэдний зан суртахууны ухамсар нь хамт олноос нийгмийн амьдралд оролцох идэвхитэй оролцоо ба бодит байдлын нөлөөгөөр бүрэлдэн тогтоно.

Ахлах насны үед хүүхэд ёс суртахууны категорийн агуулгыг гүнзгий ойлгож чадна.

Ахлах ангийн сурагчдын сурах болон оюуны үйлийн онцлог

Сургалтын явцад ахлах насны сурагчдын сэтгэцийн хөгжилтөд гүнзгий өөрчлөлт явагдаж, хүүхдийн танин мэдэх үйл эрс хөгжинө. Сургалтын явцад ахлах насны хүүхдийн логик сэтгэхүйн өндөр хөгжлийн үндсэн дээр идэвхитэй анхаарал хөгжинө.

Ахлах насны хүүхдийн анхаарлын түвшин сургалтын явцад хүүхдэд нөлөөлж байгаа гадаад сэтгэгдэл, тэдний дотоод сэтгэлийн хөдөлгөөнөөс шалтгаална.

Ахлах насанд хүүхдийн сурах процесст тэдний анхаарал идэвхитэй үүргийг гүйцэтгэдэг. Ахлах насанд хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний байдал үлэмж тогтвортой ахуйн хөдөлмөр нь хүүхдийн бие махбодийг улам бэхжүүлэн хөгжүүлдэг.

0 comments:

Post a Comment